Tuesday, October 12, 2010

Амирлал

Гэрэл үгүй
Сүүдэр үгүй
Хайр үгүй
Хагацал ч үгүй
Жаргал үгүй
Зовлон ч бас үгүй
Халуун ч биш
Хүйтэн ч бас биш
Бодол байхгүй
Бодит байдал ч бас үгүй
Бурхан үгүй
Буг ч үгүй
Итгэл үгүй
Ирээдүй ч үгүй
Өрнөл үгүй
Өнгөрсөн бас үгүй
Уйтгар, баяр үгүй
Одоо ч гэж үгүй
Сэтгэл үгүй
Сэрэл ч гэж үгүй
Алс гэж үгүй
Дөт ч гэж үгүй
Гүнзгий ч гэж үгүй
Гүехэн ч гэж үгүй

Ийм нэгэн ертөнц
Энгийн л нэгэн амар амгалан

Saturday, September 25, 2010

Зэрлэг сарнай

Хайрт минь чи
Хаврын эртэд
Хажууд минь өндийсөн
Зэрлэг сарнай

Харин би
Намрын салхинд
Навчисаар уйлан хоцорсон
Нүцгэн мод...

Wednesday, March 24, 2010

"Шүлэг"

Хурмастын цурхирал ертөнцийн анирыг даван нижигнэж
Хур болон асгарсан нулимс нь цонхны шилийг даган урсч
Хатаж гундсан хөрст газар ангаагаа тайлан сэргэхийг үзээд
Хүрлийн барайж асан тэнгэр сая нэг тайтгаран аядах үесд
Хөндий оргин салхин сийгэх нь халаг явсан цээжний минь гүнээс
Хүсэн хүлээмээр тэр л торгон мэдрэмж онгодтой хослон ундарч
Хөнгөн үзгээр эрээчигдэх хоёр гурван шад шүлэгтэй хамт
Хөврөн хөвөрсөөр зүрхний бичлэг адил бэхэн зам татуулан айсуй

Tuesday, February 23, 2010

Яг тэр цагт...

Яг энэ цаг үедээ эргээд нэг очихсон
Яльгүй жаахан өөрчлөлтөөр өөрийн түүхийг чимэхсэн гэж
Гэрэл зургийг ширтэн санаашрахуйд
Гэгэлгэн дурсамжууд дотроос сэрвэгнүүлнэ

Буцааж болдоггүй цаг хугацааг мэдсээр байж
Буруу алхмыг хийсэндээ санаашрах юм би
Урсах одсон өдөр хоног, цаг хугацаанд
Ухрах чөлөө байдаггүй нь хяслан

Өөрөөсөө зугтаж, өөрчлөхийг оролдож
Өрөөл бусдыг умартаж, өөрийгөө ч гээж
Өнгөрснөө ч үгүйсгэж, ирээдүйг ч будлиулж явж
Өдгөө, ирээдүйдээ дахиж давтахгүй юмсан энэ алдааг

Яг тэр цаг үедээ эргээд нэг очихсон
Яльгүй жаахан засаад өөрийн түүхийг дахин бичихсэн
Дугжрах нойрноор минь зочлон ирэх зүүднээр
Дутуу орхисон бүхэн намайг сэрвэгнүүлэн сэрээсээр...

Эргүүлж болохгүй цаг хугацааны аясаар
Эргэж харах бахдал, баясалтайгаар амьдаръя
Энэхэн эгшнүүдэд олдож байгаа учрал, тохиолуудыг
Эгнэгт алдахгүйгээр бат атгаж авъя даа...

Sunday, February 21, 2010

Цэнгээний газар

Цэнгээний газар
Цэцэг шиг цэмцгэрхэн охид залуус
Хүнд хөгжмийн хэмнэлд
Хөлөө ч үл мэдрэн үсчинэ...

Хөлчүүрхсэн дуу хоолойнууд
Хөлтэйгээ адил солбин гуйвалдана
Хоосорч хөглөрөх лонхнууд
Хогийн савыг дүүргэнэ...

Чангахан чимээнд
Чих минь шуугьж
Тамхины утаа, архины нясуун үнэр
Тархины харшлыг хөдөлгөнө...

Хоолой хорсон
Уушиг угаартаж
Хормын төдий ч энд
Удаж байж тэсэшгүй нь
* * *
Мянган жилийн нөхөрлөл
Эндээс төрөх үү?
Магад үүссэн андын андгай
Иймхэн бататгалтай юм гэж үү?

Thursday, February 18, 2010

...

Ган утсыг даган гулсаж
Гарын хуруу наадахад
Ганьхарсан сэтгэл минь тайтгарч
Ганцхан чамайг л бодон гэгэлзэнэ

Уран хуурын утсан уянгалахуйд
Уртаас урт санаа алдан уужрах юм
Урсан хөврөх бодлын харгуй,
Ухаан санаа минь чам руу л зүглэнэ

Энгүй уудам тал, өндөр уулс, урсах мөрнийг дамжин
Энэхэн сэтгэл минь чам руу тэмүүлэх юм
Эргэх ертөнцийн хоног өдрүүд
Ээ дээ мөн уртхан мэт санагдана

Хөтлөлцөн алхах бороо цасыг би аргадан урьдаг
Хөрст дэлхий, наран саран, одот тэнгэрээс чамайг би гуйдаг
Хөндий, талын цэцэгсэд би шивнэдэг
Хувь заяа, ирээдүйдээ ч захиж би шившдэг

Wednesday, February 10, 2010

Миний ертөнц

Уйтгар, гуниг, шаналалаа
Хөнгөн инээмсэглэлээр халхлан
Айдас, зовнил, гутралыг
Итгэл найдвараар аргадаж
Дутуу мэт санагдсан бүгдийг
Дуу хөгжим шүлэг найргаар бөглөсөн
Хэрэн хэсүүчлэх бодлыг
Номон олсоор аргамжин
Хөндий хоосон оргих сэтгэлийг
Чиний тухай бодлоор дүүргэж
"Алдчих вий чамайгаа" гэсэн бодлыг
Ариухан мөрөөдөл сэтгэлээр хүлсэн
Энэ миний ертөнц
Эндээ би жаргалтай

Thursday, February 4, 2010

Элегия

Хатаж, хөшиж, гундсан сэтгэлийг минь
Хайлган, уяхан болгосон чи Элегия
Харуусаж, ганцаардаж, гуниглах үедээ
Хажууд чинь очихыг хүснэ би, Элегия...

Нарны илчин харьж буцаагүй цаг
Наймдугаар сарын өдрүүд байсан
Намайг чи уянгалаг намуун дуугаараа
Нааш ир хэмээн дуудсан мэт санагдана

Эрхэмсэг агаад ихэмсэг орших чамтай
Эн зэрэгцэн ярилцахыг хичээн зүрхлэвч
Энэхэн бие минь үгээ чамд хэлэхэд нялхдаад
Эргэж уулзаад ярицах ерөөл тавин буцсансан

Зүггүй гэнэн зандаа хөтлөгдөж орсон
Зүгээр суусан хором мөч үгүй, суралцсаар
Зүүд нойрондоо ч марталгүй тэмүүлсээр
Зүрхний нандин хэлээр ярьж эхэлсэн

Дэлхий нарыг нэгэнтээ тойрсоны дараа
Дэгдэж гүйгээд би очлоо, чи хариу хэлээгүй ч
Дэргэдээс чинь холдолгүй дагаж шулганасаар
Дээдийн ертөнц рүү чамайг дагаж би очсон

Уярал, хайр, ухаарлыг нандин учигийг таньж
Удтал сууж чамтай ярилцах болсон
Урсах нулимс, гуниг, баяр, жаргалыг
Уянгалаг эгшиглэнгээр хуваалцдаг байсан...

Хатаж, хөшиж, гундсан сэтгэлийг минь
Хайлган, уяхан болгосон чи Элегия
Харуусаж, ганцаардаж, гуниглах үедээ
Хажууд чинь очихыг хүснэ, би чамайг санаж байна Элегия...

/*Элегия-гийн зураг энд байх шиг :) */

Friday, January 29, 2010

Багын дурсамж - 1

Хөлд орж ядан аваа хүүг бүдэрч унахад
 Өвдөг шалбалан тосч авсан хөх чулуу
Хүнээр татуулалгүй биеэ дааж тэнцэхээр
 Өндийн босоход түшиж тулсан хөрст газар
Хөл доороос дулаан илчээрээ төөнөж
 Өргөснөөс намайг харамласан шаргал элс
Хүсэн зоргоороо цээж дүүрэн амьсгалуулж
 Өөр хаанаас амтлаагүй цэнгэг агаар

Ертөнцийг бүрхсэн харанхуйг гэрэлтүүлж
 Өнгө хослуулан бүжих лааны дөл
Ер бусаар намайг илбэдэн бүүвэйлж
 Өргөө гэрийг дүүргэсэн хөгжмийн аялгуу
Жирийн тайван амгалан үдшийг илтгэн
 Хааяахан чимээ өгөх нохдын дуун
Жаргалаар бялхаж халгисан балчир нас
 Хамгийн тодоор дуурсагдах гэгээн дурсамж...

Tuesday, January 26, 2010

Буруугүй буруутан

Зүгээр мөрөөрөө алхаж явахад минь
Зүрх рүү минь сум харвасан чи буруугүй
Зүү ч орох завсаргүй хуягласан гэж бодож
Зүггүй гэнэн явсан би ч буруугүй
* * *
Нүд, сэтгэл, хайрыг минь булаасан
Нүгэлгүй сайхан төрсөн чи буруугүй
Нүүр тулж ярилцахаас зүрхшээж яваагаас өөр
Надад өөр буруу байна уу?
* * *
Атгахан зүрхийг минь булгилуулан тонгочуулсан
Ариухан гэгээхэн хайр буруугүй
Алдахаас айсан бачуурал галзуурал байна
Ахиад өөр буруу юу байна?

Sunday, January 24, 2010

2

Салхи исгэрэн
Санаа алдахад
Бодол амирлуулан
Бороонд алхмаар

Зүүдний мухраас
Зүрхэнд ирсэн
Гэгээн хайрыг
Гэрэвшин хүлээнэ

Хүрээд очихоор
Хүсэн тэмүүлэвч
Гэв гэнэт
Гэдрэг татагдлаа

Чин сэтгэлээ
Чимээгүй хадгаллаа
Сэтгэл дотроо
Сэм хайрлалаа

Saturday, January 23, 2010

Ичингүйрэв

Сэтгэл хөдөлтөл бичсэн шүлэгнээс
Сийрүүлсэн мөртүүд минь ичих шиг
Ичлээ гээд яахав шүлэгхэнүүд минь
Илүү сайжирна гэж итгэнэм

Нулимс дусалтал бичсэн шүлэгнээс
Нуугдаж байхгүй бол горьгүй нь гэж
Бадагхан шүлэгнүүд минь та нар
Бачимдсан аялгаар надад хэлэв үү

Хүнийг нүднээс нуугдмаар бол
Хүрч битгий ир над дээр
Олонд харагдахаас зугтаад байвал
Онцолж бүгдэд уншуулна даа та нарыг

Битгий...

Бодол минь хүсэл минь сэтгэл минь
Борхон зүрхийг минь бүү шийтгэ
Буруудсан хийсэн зүйл нь ердөө л
Бусдын зүрхэнд татагдсан юм

Хүсэл минь хясал минь бодол минь
Хүрэн зүрхийг минь бүү түгшээ
Хүлээлт хэмээх далайг гаталж
Хүний зүрх рүү тэмүүлж яваа юм

Эхлэл

Толгой сүүл холбож
Тоотой хэдэн шүлэг бичсэн би
Зүрхнээс ундрах мөртүүдийг
Зүгээр мартаж чадашгүй нь

Сүүл толгой холбосон нь
Сүртэй сайхан биш ч
Дотроос урсах үгсийг
Дор нь бичээд хадгалъя

Бичгийн хэв минь муруй ч
Билэг оюун минь цэлмэг
Яруу найрагч болохгүй ч
Ядаж хэдийг тэрлэе ээ