Monday, March 18, 2013

Толгой сүүл холбохуй...

Чимх баяслаар амтлагдсан
Чин сэтгэлийн гуниг
Шүүрс алдан тунгаах оюунаас
Шүлэглэх сэдэл урсана

Гүний гүнд тархины адраас
Гавлын ёроолд дусаал дусах адил
Хэлхэлдэн цуврах хэдэн үгс нь
Хэмхэрхий сандлын чахрах дуун адил

Ээдэж гашилсан бодолд
Эргэцүүлж тунгаасан цөөхөн мөрт нь
Эвдэрч гажсан хаалганы
Эрхийн чинээхэн завсрын гэгээ

Тоост хорвоогийн наран
Томоогүй явсан насыг сануулан
Шижир алтан аргамжаагаар
Шинэхэн шүлгийг буулган ирэх шиг

Сэтгэлийн баяр гуниг жаргал зовлон
Сүлэлдэн байж сааралтсан бол
Сэрүүн зүүдний учир зангилаанаас
Сэдэл болж холбогдох нь үгүй

Зовлон жаргал, баяр гуниг
Зуун зуун дамнан эрээлэнхэн л байдгийн учир
Жаргал зовлон баяр гуниг
Жаран жаранд алагланхан л байдаг учир

Хоёр, хоёрын дэнс бүхэн
Хором бүхэнд ганханхан л байдаг учир
Хорвоо ертөнцийн амьдхан эс
Хүмүүний сэтгэлийг донслууланхан л байх нь

Хүмүүний сэтгэл нь дэнслэнхэн л байж
Хорвоогийн ухааныг танинхан л байх л
Хорвоо ертөнцөө танин таньсаар
Хоёргүй сэтгэлийг тээж л явах нь

Хоёр, хоёрын дэнсэнд
Хорвоо өөрөө багтах нь
Хоёр, хоёрын дэнсээр
Хорвоо биднийг дэнслэнхэн л байх нь

Хашхираан...

Чимээгүй хашхираан цуурайтна
Чихээ таглаад ч үл амарлина
Агшин бүрт
Алхам бүрт
Алслах нь үгүй
Айдас татуулан
Арзасхийтэл цуурайтна

Чимээгүй хашхираан цуурайтна
Чимхийн төдий амгалан үгүй
Чиний, миний, бүгдийн дотроос
Чимээгүй хашгираан цуурайтсаар

Амар амарлингуйг үйрүүлж бутална
Амьдрал хүслийн өнгө будгийг ховх татан чичиргэнэ
Харанхуй сүүдэр татуулсаар
Хүйтэн жихүүнээр үлээнэ

Бадран асах гал дөл
Бамбар түүдэг бүхэн
Өөдөө дүртэй чулуу болон хөшиж
Өнгийн гэрэл нь сүүдэр болон тогтоно

Илч бүхэн гэрэл бүхэн
Илхэн байж асан
Эргэж ирэх нь үү гэтэл
Эргэн тойрон бүхэн
Харлан хөшиж хөлдөж дуусах нь

Хамаг олон хүмүүс минь
Хашхирч үймэхээ азнаач
Амин зүрхэн тольтоосоо
Аюулт хашхираанаа татаач
Гэрэл бүхнийг унтрааж
Галт илчийг бөхөөж
Хар бараанаар хучиж
Хүйтэн сэтгэлийг хурцлах
Чимээгүй хашхираанаар чинь
Энэрэл хайр бүхэн
Эгээ л мөс болж
Эргэх цаг хугацаа ч
Гацаж хөшиж зогсох нь

Чимээгүй хашхирцгаах азна та минь
Чин зүрхнийхээ чанадаас ирэх
Аялгуу эгшгийг сонсооч
Амар амарлингуйг оршоо