Friday, February 25, 2011

Сэтгэл минь

Цас хаялна, сэтгэл шиг
Цав цагаахан, сэтгэл шиг
Чимээгүйхэн дүнсийнэ, сэтгэл шиг л
Чиний л тухай бодлууд, сэтгэлд минь л

Биед чинь дөхөвч
Сэтгэл чинь алсрана, зэрэглээ шиг
Бодол, хайраар халгивч
Сэрүүн зүүдлээд л сэрнэ, бороо шиг

Салхинаа туугдах үүлэн лугаа
Сэтгэл минь төөрөн хэснэ
Ангасан хөрснөө шингэх шиврээн дусал шиг
Алдуурсан сэтгэл минь замхран одно

Sunday, February 20, 2011

...

Сэтгэлд минь хургах жавар салхи
Сэм сэмээр замхран арилна
Сэрүүн зүүднээс минь даллан сэрээж
Сэтгэлт чи минь даллан дуудна

Урсан хөврөх бодлын үзүүрт
Ухаан санаа цэлмэн уужирна
Уртхан амьдралын нарийн харгуйд
Учралт чи минь мишээн тосно

Эрхэс гариг, наран саран
Эргэн тойрон хүрдэн эргэнэ
Энх амьдралын жамыг зөгнөн
Энгүй талаас салхин сэвшинэ

Гэгээн хүслийн тэнгэр болж
Гэрэлт нарны илчин болж
Галт зүрхний дуулал болж
Ганцхан чи минь наддаа иржээ