Wednesday, July 31, 2019

Үдлээд буцахын нартад

Үдлээд буцахын нартад
Үнэнтэй нь эвлэлгүй л яах вэ
Хөөрөн дэнслэх сэтгэл нь
Хөвсөлзөн догдлолгүй л яах вэ

Ирээд буцахын хорвоод
Итгэл гундалгүй л яах вэ
Догдлох хүрэн зүрх нь
Донсолж булгилалгүй л яах вэ

Саатаад буцахын орчлонд
Сандах сэтгэлийг яалтай
Эргээд буцахын жамтад
Ээрэх сэтгэлийг яалтай

Чи миний сэтгэлд

Чи миний сэтгэлд
Арван наймтай бүсгүй
Чимээгүй хайрын цучлийг
Асааж өрдсөн салхи

Чи миний сэтгэлд
Арван наймтай бүсгүй
Чимхийн төдий үрийг
Тэтгэж ургуулсан хур

Чи миний сэтгэлд
Арван наймтай бүсгүй
Чилж царцсан зүрхийг
Бүлээцүүлж амилуулсан наран

Би чиний сэтгэлд...