Tuesday, February 23, 2010

Яг тэр цагт...

Яг энэ цаг үедээ эргээд нэг очихсон
Яльгүй жаахан өөрчлөлтөөр өөрийн түүхийг чимэхсэн гэж
Гэрэл зургийг ширтэн санаашрахуйд
Гэгэлгэн дурсамжууд дотроос сэрвэгнүүлнэ

Буцааж болдоггүй цаг хугацааг мэдсээр байж
Буруу алхмыг хийсэндээ санаашрах юм би
Урсах одсон өдөр хоног, цаг хугацаанд
Ухрах чөлөө байдаггүй нь хяслан

Өөрөөсөө зугтаж, өөрчлөхийг оролдож
Өрөөл бусдыг умартаж, өөрийгөө ч гээж
Өнгөрснөө ч үгүйсгэж, ирээдүйг ч будлиулж явж
Өдгөө, ирээдүйдээ дахиж давтахгүй юмсан энэ алдааг

Яг тэр цаг үедээ эргээд нэг очихсон
Яльгүй жаахан засаад өөрийн түүхийг дахин бичихсэн
Дугжрах нойрноор минь зочлон ирэх зүүднээр
Дутуу орхисон бүхэн намайг сэрвэгнүүлэн сэрээсээр...

Эргүүлж болохгүй цаг хугацааны аясаар
Эргэж харах бахдал, баясалтайгаар амьдаръя
Энэхэн эгшнүүдэд олдож байгаа учрал, тохиолуудыг
Эгнэгт алдахгүйгээр бат атгаж авъя даа...

Sunday, February 21, 2010

Цэнгээний газар

Цэнгээний газар
Цэцэг шиг цэмцгэрхэн охид залуус
Хүнд хөгжмийн хэмнэлд
Хөлөө ч үл мэдрэн үсчинэ...

Хөлчүүрхсэн дуу хоолойнууд
Хөлтэйгээ адил солбин гуйвалдана
Хоосорч хөглөрөх лонхнууд
Хогийн савыг дүүргэнэ...

Чангахан чимээнд
Чих минь шуугьж
Тамхины утаа, архины нясуун үнэр
Тархины харшлыг хөдөлгөнө...

Хоолой хорсон
Уушиг угаартаж
Хормын төдий ч энд
Удаж байж тэсэшгүй нь
* * *
Мянган жилийн нөхөрлөл
Эндээс төрөх үү?
Магад үүссэн андын андгай
Иймхэн бататгалтай юм гэж үү?

Thursday, February 18, 2010

...

Ган утсыг даган гулсаж
Гарын хуруу наадахад
Ганьхарсан сэтгэл минь тайтгарч
Ганцхан чамайг л бодон гэгэлзэнэ

Уран хуурын утсан уянгалахуйд
Уртаас урт санаа алдан уужрах юм
Урсан хөврөх бодлын харгуй,
Ухаан санаа минь чам руу л зүглэнэ

Энгүй уудам тал, өндөр уулс, урсах мөрнийг дамжин
Энэхэн сэтгэл минь чам руу тэмүүлэх юм
Эргэх ертөнцийн хоног өдрүүд
Ээ дээ мөн уртхан мэт санагдана

Хөтлөлцөн алхах бороо цасыг би аргадан урьдаг
Хөрст дэлхий, наран саран, одот тэнгэрээс чамайг би гуйдаг
Хөндий, талын цэцэгсэд би шивнэдэг
Хувь заяа, ирээдүйдээ ч захиж би шившдэг

Wednesday, February 10, 2010

Миний ертөнц

Уйтгар, гуниг, шаналалаа
Хөнгөн инээмсэглэлээр халхлан
Айдас, зовнил, гутралыг
Итгэл найдвараар аргадаж
Дутуу мэт санагдсан бүгдийг
Дуу хөгжим шүлэг найргаар бөглөсөн
Хэрэн хэсүүчлэх бодлыг
Номон олсоор аргамжин
Хөндий хоосон оргих сэтгэлийг
Чиний тухай бодлоор дүүргэж
"Алдчих вий чамайгаа" гэсэн бодлыг
Ариухан мөрөөдөл сэтгэлээр хүлсэн
Энэ миний ертөнц
Эндээ би жаргалтай

Thursday, February 4, 2010

Элегия

Хатаж, хөшиж, гундсан сэтгэлийг минь
Хайлган, уяхан болгосон чи Элегия
Харуусаж, ганцаардаж, гуниглах үедээ
Хажууд чинь очихыг хүснэ би, Элегия...

Нарны илчин харьж буцаагүй цаг
Наймдугаар сарын өдрүүд байсан
Намайг чи уянгалаг намуун дуугаараа
Нааш ир хэмээн дуудсан мэт санагдана

Эрхэмсэг агаад ихэмсэг орших чамтай
Эн зэрэгцэн ярилцахыг хичээн зүрхлэвч
Энэхэн бие минь үгээ чамд хэлэхэд нялхдаад
Эргэж уулзаад ярицах ерөөл тавин буцсансан

Зүггүй гэнэн зандаа хөтлөгдөж орсон
Зүгээр суусан хором мөч үгүй, суралцсаар
Зүүд нойрондоо ч марталгүй тэмүүлсээр
Зүрхний нандин хэлээр ярьж эхэлсэн

Дэлхий нарыг нэгэнтээ тойрсоны дараа
Дэгдэж гүйгээд би очлоо, чи хариу хэлээгүй ч
Дэргэдээс чинь холдолгүй дагаж шулганасаар
Дээдийн ертөнц рүү чамайг дагаж би очсон

Уярал, хайр, ухаарлыг нандин учигийг таньж
Удтал сууж чамтай ярилцах болсон
Урсах нулимс, гуниг, баяр, жаргалыг
Уянгалаг эгшиглэнгээр хуваалцдаг байсан...

Хатаж, хөшиж, гундсан сэтгэлийг минь
Хайлган, уяхан болгосон чи Элегия
Харуусаж, ганцаардаж, гуниглах үедээ
Хажууд чинь очихыг хүснэ, би чамайг санаж байна Элегия...

/*Элегия-гийн зураг энд байх шиг :) */