Monday, August 19, 2019

Хэрэв би үхвэл

Хэрэв би үхвэл
Хэрээ нүдийг минь тоншиж
Хэдэр ноход ясыг минь хэмлэж
Хэдгэнэ батганын үүр болж
Хэзээ ч байгаагүй мэт замхарна
Тэд цадна
Тэд ч бас үхнэ


Хэрэв би үхвэл
Хэлхээ явсан нөхөд минь гуньж
Ханилсан нэгэн нь уйлж
Хэвлээс унагасан нь энэлж
Хэсэг нь дурсана
Хэсэг нь мартана

Мөр минь замхарч
Үг минь үлдэнэ
Үг минь л үнэн байг

Дүр минь баларч
Үр минь үлдэнэ
Үр минь л бүтэн байг

Сүүдэр минь замхарч
Үндэс минь үлдэнэ
Үндэс минь л бат байг

Бодол минь арилж
Бэхийн мөр л үлдэнэ
Бэх минь баларшгүй байг

Sunday, August 11, 2019

Хүлээлт

Харанхуй шөнийн нойрондоо
Хайрт чинийхээ царайг харлаа
Хацрыг чинь зөөлөн илбэеү гэтэл
Харагдах дүр чинь хоосон байлаа

Бүрхийн шөнийн бүдэг гэгээнд
Бүлээн дүрийг чинь дэргэдээ үзлээ
Бүлээн амсьгалыг чинь үнэртьеү гэтэл
Бүрэлзэх дүр чинь бүдгэрэн одлоо

Үдшийн сарны гэгээн туяанд
Үзэсгэлэнт чамайгаа олж танилаа
Үнсэлтээр угтан тэвэрьеү гэтэл
Үзэгдэх дүр чинь замхран ариллаа

Түнэр харанхуйн балар ухаандаа
Түлхүүрийн чимээг чинь олж сонслоо
Төөнөх биеийг чинь дөхөв үү гээд
Тэмтчих бодол балран ариллаа

Мөнхийн зүүд

Үйлтэй энэ хорвоод мэндэлж би зүүдэллээ
Үүлэн мэт зөөлөн хайранд өлгийдүүлж зүүдэллээ
Үнэн худлын жамтад өндийж би зүүдэллээ
Үргэлжлэх цагийн салхинд үүлгэртэж бас зүүдэллээ

Энэ л зүүд
Миний л зүүд
Мөнхийн байгаасай

Үнэнч андуудтай учирч нэг зүүдэллээ
Үүрдийн амрагтаа туньж нэг зүүдэллээ
Үнэгчлэх үрээ үнэрлэж нэг зүүдэллээ
Үхэл амьдралын заагт тэнчиж нэг зүүдэллээ

Энэ л зүүд
Миний л зүүд
Энэ л зүүднээс сэрэлгүй
Алсын алсыг зорихсон