Monday, May 20, 2013

Далай бид хоёр

Захгүй далайн мандал дээр
Завьгүй би хөвж байна
Хаа хүрэхийг салхи мэднэ
Хан тэнгис түшиж би үл живнэ

Сэлүүртэн, заламгайтан явсан бол
Сэлэн шумбан наадах
Жигүүртэн дальтан байсан бол
Жиргэн дүүлэн нисэх л

Харин би газрын амьтан
Хөх тэнгэрийг ширтэн
Хөхрөх далайд хөвсөөр
Хүчит давалгаанд түрэгдсээр

Усан далайд сэлэх ч
Унд усаар ангахыг яалтай...

Хаанаас би энд ирээ вэ?
Хэдийнээс эхэлж би хөвөө вэ?
Хааш би зорино вэ?
Хэзээ аялал дуусах вэ?

Тээсэн бодол минь
Тээсэн зорилго минь
Тархи оюун минь
Төрөлх совин минь

Угаагдаж уусаж одсон бол
Уст их тэнгисийг
Ширгээгээд би үүл болгоё
Шигдэж ёроолд нь үлдээрэй

Тунаж үлдсэн зорилгоо
Тунгааж авсан бодлоо
Өөрийн гараараа би ялгаад авъя
Өнөд би үл гээе

Тэнгэрийг бүрхэж үүл болсон
Тэнгис далай минь буцаад
Хур аадар болон асгарч
Хөлгүй их далай болоорой

Өнөөг хүртэл намайг түшиж
Өөрийг биедээ тээсэнд талархъя
Өчүүхэн намайг эрхлүүлж
Өргөж тэтгэсэнд гялайя

No comments:

Post a Comment