Sunday, July 24, 2011

Ертөнцүүд

Балга тагш юм толгойд гарч
Бараан бодлын манан хучна
Бачимдаж үл тэвдэх ууч сэтгэлийн
Багалзуурыг шахаж амьсгалийг нь тасална...

* * *

Өнгө мөнгөний хийсвэр хорвоогоос
Өнөд хол руу алсран одож
Өнгөгүй тунгалаг биеээр сэтгэлээ хучсан
Өр зүрхний ертөнцөд очно

Буруу зөв гэж тэнд үгүй
Бултаж нуугдах худал хуурмаг ч бас үгүй
Булаан эзлэх түрэмгий харгилал ч үгүй
Буцааж хариу нэхэхгүй хайраар дүүрэн

Улайж мэлзэх тэвдэх гэмгүй
Уруудаж доройтож шаналах зүйлгүй
Улцайн ялзарч буруудах бодолгүй
Угийн ариун гэгээн ертөнц

* * *

Төд удалгүй буцаад ир гэж
Тэвдэж ядарсан ертөнц минь дуудлаа
Тэнүүн бодлынхоо үрийг суулгаж ургуулчаад
Тэртээх алс руу явж болно гэлээ

Friday, July 15, 2011

Там, диваажин

Там диваажин бий гэвэл
Тэнд лав
Энэ ертөнц дээрхи шиг
Эрх чөлөө нь үгүй

Sunday, May 15, 2011

ХОС

Хөх үүлсийн дундаас наран өнгийж
Хөндий талд туяа нь илч нэмнэ
Хөөрөн догдлон зогсох миний сэтгэлд
Хөөрхөн чиний минь инээмсэглэл гэрэл нэмнэ

Оройгүй уудам тэнгэрийн дундаас
Одод саран гийж гэрэл нэмнэ
Орчлон дэлхийн олны дундаас
Онцгойрч чиний минь хоолой жаргал нэмнэ

Саран наран ээлжлэх эгэл амьдралын
Саадтай саартай сайнтай жимийг
Саруул ухаан сэтгэлийн гэгээтэй
Сайхан чиний минь сэтгэл хайр гэрэлтүүлнэ

Sunday, May 8, 2011

Бороо цас хоёр

Бороо цас та хоёр
Болзоод байгаа юм уу?
Битгий зогсооч, гуйя

Хархан дусал
Хайлах ширхэг бүхэн чинь
Гуниг болон бууж
Гол мөрөн болж үерлээд
Ганцаардал нэртэй хадыг
Газрын уруу ховх татаг
Харин би тэндээс нь
Хатуу царс болж ургаад
Хажууд ургах хөөрхөн цэцгийг
Харж нөмөрлөж зогсъё

Friday, April 22, 2011

Онгод

Нот хөглөрч
Нойр үнэртэх мухрын өрөөнд
Эрчит хуруугаар
Эгшиг үерлүүлж баясаад
Бодол хулжаан
Боодол тамхийг сорохуйд
Хөврөх утаа нь
Хар бэх болон
Таван шугамаас хальсан
Таатай аялгууг буулгана

Thursday, March 17, 2011

Чөлөөлсөн нь

Зүүн ховдолд нуугдсан
Зүрхний бяцхан шувуухайг
Дурлалын цэлмэг тэнгэрт нь
Дураар нь нисгэж амрав

Харин үлдсэн зүрх нь
Хөндий хоосон биш ээ одоо
Хайр сэтгэл найрагаар
Халгиж булгилж байгаа

Tuesday, March 15, 2011

Хартай зүүд

Хайрын оч зүрхнээ харваж
Харц шидэн сэмхэн санаашрах намайг
Харамлах сэтгэл эзэмдэн дийлж
Хартай зүүд үдшийн нойрыг хулжаана